“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
delger

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбар, Монголын Химийн Нийгэмлэгтэй жил бүр хамтран зохион байгуулдаг Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлын нээлтийг ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Насанбат, Монголын Химийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч ШУ-ны доктор, академич Б.Авид, ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D) Ж.Дугаржав нар мэндчилгээ дэвшүүлэв.

              

              

“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал нь 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10 дах удаагийн хурлаас эхлэн Монгол Улсын Гавьяат багш доктор (Ph.D), профессор Б.Бямбагарын нэрэмжит болсон. 11 дэх удаагийн энэхүү хурал нь Монгол улсад Химийн Технологи, Инженерчлэл чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн баяр тохиож буйгаараа онцлог боллоо.

Тус хуралд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын химийн нийгэмлэг, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лаборатори, Багажит шинжилгээний лаборатори, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газар, Уул уурхай баяжуулагчдын холбоо, Монгол нүүрс ассоциаци, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой түлш ХХК, Кей Минералс Солюшнс ХХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, ШУТИС-ийн харьяа Геологи, уул уурхайн хүрээлэн, Эрчим хүчний сургууль, МУИС-ийн харьяа Шинжлэх ухааны сургууль, Ахисан түвшний сургууль, Инженер, технологийн сургууль, Улаанбаатар сургууль, Нано шинжлэх ухаан, технологийн төв, Бор өндөр мандал ХХК, Эс Жи Эс Монгол ХХК, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын эрдэмтэн судлаачид, инженерүүд оролцож 20 гаруй илтгэлийг хэлэлцсэн бөгөөд шаардлага хангасан эрдэм шинжилгээний бүтээлүүд нь ШУА-ын ерөнхийлөгчийн 2022.01.17-ны өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан дотоодын мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтад бүртгэлтэй “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэтгүүлд /ЭШ-ний сэтгүүл №11/2024, ISSN 978-99973-50-40-4/ хэвлэгдэв.  

                                  

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаач, инженерүүдийн шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Үүнд:

 I байр-ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбарын дэд профессор, доктор (Ph.D) Д.Илчгэрэл,

II байр-ШУТИС, Эрчим Хүчний Сургуулийн Дулааны Инженерийн Салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Баттөр,

III байр-ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) С.Жаргалмаа нар тус тус эзлэв.

Мөн “Талбулагийн ордын нүүрсний хийжүүлэлтийн судалгаа” итгэлийг Монгол Улсын Гавьяат багш доктор (Ph.D), профессор Б.Бямбагарын нэрэмжит, “Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр орчмын хөрсний бохирдлын судалгаа” илтгэлийг Нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын зүгээс онцолж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

Энэ удаагийн хурлын нэг онцлох үйл ажиллагаа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгуулагчаар оролцож, Шатах ашигт малтмалын боловсруулалт, экологийн чиглэлийн аж ахуй нэг байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулж салбарын ирээдүйн чиг хандлага, ололт, амжилтыг хэлэлцлээ. 

Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ороцлсон Глобал ацетилен ХХК, Сэйф Рийч ХХК-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.

 

ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн

Химийн Инженерчлэлийн Салбар

2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр